images

Хятадын иргэдийн үнэмлэхүй олонх нь өөрсдийгөө аз жаргалтай байна хэмээн үзжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-30


     “Ipsos” олон улсын судалгааны байгууллагын судалгаагаар эх газрын Хятадын хүн амын аз жаргал сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэн гэсэн үр дүн гарчээ. Тодруулбал, “Ipsos”-ийн “Дэлхийн аз жаргалын тайлан 2023”-т Хятадын иргэд бүс нутгийнхаа 32 улсын иргэдээс илүү аз жаргалтай гэсэн үр дүн гарсныг онцолжээ. Учир нь, энэ судалгаанд оролцогчдын 91 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай байна хэмээн хариулсан байна. Энэ нь арван жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс гаргасан тайланд Норвеги, Швед, Исланд, Финланд зэрэг Умардын орнууд Хятадаас энэ үзүүлэлтээр илүү байсан билээ. Тус судалгаагаар Хятад улс 137 орны 64 дүгээрт жагссан юм. Гэхдээ энэ нь 2020 онтой харьцуулахад 30 байраар урагшилсан үзүүлэлт ажээ. Уг хоёр судалгааны арга, асуулга нь ондоо учраас өөр дүгнэлт гарч буй. “Ipsos”-ийн судалгаагаар Хятадууд жаргалтай байгаагийн нэг шалтгаан нь ураг төрөл, найз нөхдийн харилцаа сайн учраас Барууны орныхонтой харьцуулахад өрхийн эдийн засгийн боломж тааруу байсан ч жаргалтай байдаг ажээ. Хоёрдугаарт, тус улсын иргэд улс төр, эдийн засгийн байдалдаа сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан байна. Тухайлбал, судалгаанд оролцсон хятад иргэдийн 71 хувь нь улсынхаа эдийн засаг, 83 хувь нь улс төрийн байдалд сэтгэл ханамжтай байна гэж хариулсан бол Хятадад амьдардаг гаднынхан уг асуултад муу үнэлгээ өгчээ. Гуравдугаарт, тэдний аюулгүй байдал аз жаргалтай, тайван амьдрахад нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, Бээжин, Шанхай зэрэг өндөр хөгжсөн хотуудад үдэш оройн цагаар ч чөлөөтэй явахад аюулгүй байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.