Австрали улс уугуул иргэдээ дэмжсэн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулна
Анд нөхдийн мэдээ
2023-03-30
Австралийн Засгийн газар тус улсад уугуул иргэд бий гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдний төлөөллийн байгууллага байгуулах Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентад өргөн барив. Тус улсын Хууль зүйн сайд Марк Дрейфус Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламентад өргөн мэдүүлж, Австрали улс үүсэн байгуулагдсан тухай баримт бичигт уугуул иргэдийн талаар оруулах болсноо мэдэгджээ. Тэрбээр "Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн газар нутаг, хэл, соёлыг хүлээн зөвшөөрөхгүй байх төр засгийн бодлого нь тэдний уламжлалт соёлд таагүй байдлаар тусч, үүний уршгаар олон хүн хохирч байна" гэсэн байна. Парламентад өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нь уугуул иргэдтэй холбоотой шинэ бүлгийг нэмж оруулах агуулга бүхий төсөл юм. Шинэ бүлэг нь "Абориген үндэстэн болон Торресын хоолойн арлын иргэд бол Австралийн уугуул оршин суугчид мөн" гэсэн үгээр эхэлж байхаар тусгажээ. Үүний дараа тэднийг төлөөлөх “Дуу хоолой” хэмээх үндсэн хуулийн байгууллага байгуулж, тэдэнтэй холбоотой асуудлыг парламент болон гүйцэтгэх засаглалд уламжлах төлөөлөгч сонгож, парламент холбогдох хуулиудыг баталж гаргах тухай заалт мөн тусгасан байна. Хуулийн төслийг парламентээр хэлэлцүүлж зургаадугаар сарын сүүлээр Үндэсний ассамблейгаар батлуулан 10-12 дугаар сард бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт “Guardian” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэдийн 59 хувь нь дэмжсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.