III Чарльз хаан Германд айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-03-30
Их Британийн III Чарльз хаан ширээнд сууснаас хойшх анхны төрийн айлчлалаа хийх гэж байна. Тэрбээр хөрш Германд айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд эхнэрийн хамт тус улсын Берлин, Хамбург хотод гурван өдөр болох ажээ. Өнгөрсөн 27-ны өдөр тэрбээр Францад айлчлахаар төлөвлөж байсан ч тус улсад тэтгэврийн асуудалтай холбоотой эсэргүүцлийн жагсаал гарсны улмаас айлчлалыг яаралтай цуцалсан юм. ВВС агентлагийн мэдээлснээр, III Чарльз Берлинд айлчлах үеэрээ Бранденбургийн хаалганд гадаад улсын тэргүүний хувиар цэргийн угтах ёслолыг үзэж, Британийн хааны хувиар Бундестагт анх удаа үг хэлэх юм байна. Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын хүлээн авалтын үеэр Германы төрөл төрөгсөдтэйгөө уулзаж, үг хэлэх үеэрээ герман хэлээр ярина гэж “The Telegraph” мэдээлжээ. III Чарльз хаан эцэг болон эхийн хоёр талаасаа герман цустай юм. Тэрбээр Германд мөн Украины дүрвэгсэдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Хааны гэр бүл бол Их Британийн зөөлөн хүчний төлөөлөл бөгөөд хааны төрийн айлчлал нь ерөнхий сайдын дипломат үйл ажиллагаанаас илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг гэж үнэлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.