Украинд айлчилснаар Ф.Кишидагийн рэйтинг өсөв
Анд нөхдийн мэдээ
2023-03-28
Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн мягмар гарагт Киев хотноо айлчилж В.Зеленскийтэй уулзснаар түүний рэйтинг долоон сарын дараа анх удаа өссөн байна. Японы “Nikkei” сонин, “Tokyo” телевизийн өнгөрсөн баасан гарагаас ням гараг хүртэл гар утсаар авсан судалгаанд оролцогчдын 48 хувь нь Ф.Кишидагийн засгийн газрыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ нь өмнөх сараас таван хувиар өссөн үзүүлэлт юм. Улмаар ирэх зургадугаар сард болох сонгуулийн таамаглал ч өөрчлөгдөхөд хүрсэн байна. Учир нь түүний нэр хүнд муу байсан нь Либерал ардчилсан нам ирэх орон нутгийн сонгуульд тааруухан өрсөлдөнө гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргээд байжээ. Харин энэ удаа Украин дахь айлчлал хийгээд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй хийсэн ховор тохиох дээд хэмжээний уулзалт нь ирэх сонгуульд эергээр нөлөөлж магадгүй болов.
Мөн Ф.Кишидагийн Украинд хийсэн айлчлалыг санал асуулгад оролцогчдын 71 хувь нь дэмжсэн бол 20 хувь нь дэмжээгүй аж. Харин Юн Сог Ёльтой хийсэн уулзалтыг 63 хувь нь дэмжиж, 21 хувь нь эсэргүүцжээ. Судалгаанд оролцогчдыг насаар нь авч үзвэл ахмадууд түүний Солонгосын ерөнхийлөгчтэй хийсэн дээд хэмжээний уулзалтыг илүүтэй дэмжсэн байна. Гэхдээ судалгаанд оролцогчдын 56 хувь нь Япон, Солонгосын харилцаа сайжирна гэж төсөөлөхгүй байна гэж хариулсан бол 35 хувь нь хоёр улсын харилцаа сайжирна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ф.Кишидагийн рэйтинг сар бүр буурч байсан бөгөөд иргэд түүнийг дэмжихгүй байсан шалтгааныг уг санал асуулгаар мөн тогтоосон юм. Тэгвэл энэ асуултад санал асуулгад оролцогчдын 38 хувь нь муу бодлого явуулдаг, 35 хувь нь манлайлал дутмаг гэсэн хариулт өгсөн байна. Санал асуулгыг утсаар авсан ба 927 хүн оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.