images

Их Британийн жүжигчин Орландо Блүм Украинд айлчлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-28


     Их Британийн жүжигчин Орландо Блүм дайнд нэрвэгдсэн Украинд айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчийн хувиар Украины нийслэл Киев, Ирпень зэрэг хотуудад гурван өдрийн турш айлчилжээ. О.Блүм агаарын довтолгооноос хамгаалах газар дор байрлах сургууль, НҮБ-ын Хүүхдийн сангийн байгуулсан хүүхдийн боловсролын байгууламжтай танилцаж, хүүхдүүдтэй ярилцжээ. Дараа нь ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж Украины хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслүүд болон сэргээн босголтын асуудлаар ярилцсан байна. О.Блүмийн Украинд хийсэн айлчлал анхных биш юм. 2016 онд тэрбээр Украины зүүн хэсэгт мөргөлдөөн болж буй бүс нутагт очиж, олон улсын хамтын нийгэмлэгт яаралтай тусламж үзүүлэхийг уриалж байв. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Украинтай хил залгаа Молдавт дайнаас дүрвэн ирсэн украин хүүхдүүдтэй уулзаж байжээ. О.Блүм "Бөгжний эзэн" кинонд Леголас хэмээх элфийн дүрд тоглож олонд алдаршсан билээ. Нэмж дурдахад тэрбээр "Карибын тэнгисийн дээрэмчид", "Трой", "Тэнгэрийн хаант улс" зэрэг кинонд тоглосон. 2016 онд поп дуучин Кэти Перритэй дотносон 2019 онд сүй тавьж гэрлэн охинтой болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.