images

Фүкүшимад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-03-27


     2011 онд цүнамийн уршгаар цөмийн станцад гарсан ослоос өмнө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж байсан Японы Фүкүшимад орон нутгийн тариаланчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд дахин нийлүүлж эхэлжээ. Тухайн бүс нутаг дахь радио идэвхийн хэмжээ буурч томоохон хотуудын ердийн түвшинд хүрснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ийнхүү эрс сэргэсэн байна. Сакэ үйлдвэрлэгч  “Suzuki brewery” компани гэхэд л 12 жилийн дараа төрөлх Фүкүшимагийн Нами хотдоо эргэн ирж үйл ажиллагаагаа сэргээжээ. Далайн яг эрэгт байсан тус үйлдвэр цүнамид өртөн бүрэн сүйрэхээсээ өмнө орон нутгийн загасчдын уух дуртай, ялангуяа олз омог арвин өдөр заавал баярлан хүртдэг нэгэн зүйл архийг нэрж борлуулдаг байсан гэнэ. “Гамшгаас өмнө далайд өдөртөө 120 завь гардаг байсан бол одоо 30 хүрэхгүй байна. Гэхдээ тэднийг дэмжихийн тулд манайх архиа дахин үйлдвэрлэж эхэллээ. Загастай хоол идэхэд таарсан шинэ төрлийн сакэ ч хийнэ” гэж компанийн захирал Сүзүки Дайсүкэ орон нутгийн хэвлэлд ярьжээ. Сакэг хүнсэнд хэрэглэдгээс өөр будаагаар хийдэг боловч тэрбээр хүнсний будаагаар нэрсэн бөгөөд Фүкүшимад тарьсан будаа болон ногоо цагаа аюулгүй гэдгийг харуулах гэж ийм шинэлэг санаачлага гаргасан гэнэ.       

     Хүлэмжинд хөрс хэрэглэхгүйгээр улаан лооль тарих технологи нэвтрүүлсэн “Wonder Farm” хэмээх цогцолборын эзэн Мотоки Хироши хэрэглэгчдийг хүлэмжиндээ урьж, улаан лоолийг газар дээр нь амтлан сонгож авах боломжийг хүмүүст олгож байна. Тэрбээр хүлэмжнээс гадна ресторан, дэлгүүр, улаан лооль боловсруулах цех байгуулжээ. Улмаар улаан лоолио худалдах төдийгүй түүгээр төрөл бүрийн хоол, тэр байтугай зайрмаг хийж байгаа гэнэ. Токио хотын франц рестораны эзэн Доминик Корби түүний тарьсан улаан лоолийг урьдын адилаар худалдаж авч байна. 2010 оноос хойш Фүкүшимагийн тариаланчидтай хамтран ажилласан тэрбээр тус мужид газар тариалан сэргэсэнд баяртай байгаа аж. “Фүкүшима бол Японы хамгийн баян газрын нэг. Хүмүүсийн хөрөнгө чинээ төдий бус үйлдвэрлэлийн чадавхаар нь хэлж байна. Бүтээгдэхүүн энд ямар шат дамжлагаар гардгийг би нэгд нэггүй мэднэ. Тийм ч учраас өнөөдөр Фүкүшимад тариалсан бүхнийг ямар ч айдас хүйдэсгүйгээр идэж хэрэглэж болно гэдгийг батлах байна” гэж Д.Корби ярьсан байна.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.