Ф.Кишида Украинд 30 сая доллар амлав
Анд нөхдийн мэдээ
2023-03-23
Японы ерөнхий сайд Фүмио Кишида Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мягмар гарагт Киев хотноо уулзсан билээ. Тэрбээр хөрш Польш улсаас нь төмөр замаар үдийн үед Украины нийслэлд очсон бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ тус улсад довтолсноос хойш зочилж буй “Их 7” бүлгийн сүүлийн гишүүн болов. Түүнийг В.Зеленский “Олон улсын хүчирхэг хамгаалагч, эртний найз” гэжээ. Талууд уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэр В.Зеленский Ф.Кишидагийн урилгаар Хирошимад болох “Их 7” уулзалтад онлайнаар уулзана гэв. Харин Японы талаас 30 сая долларыг НАТО-гийн сангаар дамжуулан өгнө гэлээ. Тэрбээр Буча дахь оршуулгын газарт очиж Японы иргэдийн өмнөөс эмгэнэл илэрхийлээд, цаашид энх тайвны төлөө тусалсаар байхаа хэлсэн байна. Ф.Кишидагийн хувьд Энэтхэг дэх айлчлалаасаа Токиод эргэн ирэлгүйгээр шууд Польшид очиж, улмаар засгийн газрын нисэх онгоцны оронд нууц захиалгат онгоцоор Украинд очжээ. Энэ захиалгат онгоц ерөнхий сайдыг албаны онгоцоор Энэтхэг нисэхээс гурван цагийн өмнө ням гарагийн оройн 8 цагт Токиогийн “Ханэда” буудлаас хөдөлсөн гэнэ. Энэ онгоцны талаар “NHK” суваг арван хүний суудалтай, Японы бэйсболын од Шоохэй Отани энэ сарын эхээр АНУ-аас Японд эргэж ирсэн онгоцтой төстэй гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.