Антонио Гутерриш: Хүн төрөлхтөн цус сорогчоос өөрц алга
Анд нөхдийн мэдээ
2023-03-23
НҮБ-ын Усны бага хурал АНУ-ын Нью-Йорк хотод нээгдэж хүн төрөлхтний нийтлэг баялаг болох усыг хамгаалахын тулд дэлхий нийтээр хүчин чармайлт гаргахыг уриалав. Ус хамгаалах тухай хуралдаан 46 жилийн дараа болж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Бид цус сорогчдоос өөрцгүйгээр усыг хэтэрхий үрэлгэн хэрэглэж, цаашлаад дэлхийн дулаарлаас үүдэлтэй ууршилтаас болж хүн төрөлхтний амин судас шавхагдаж байна” гээд энэхүү үнэт баялгийг хамгаалж, хүн бүрт тэгш хүртээмжтэй байлгах тал дээр улс орнууд төлөвлөгөө гаргаж, хөршүүдтэйгээ хамтран ажиллахыг уриалсан байна. НҮБ-ын тооцоолсноор дэлхийн хүн амын дөрөвний нэг нь ундны усны баталгаагүй эх үүсвэрээс хамааралтай бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхий даяар тохиолдсон гамшгийн бараг дөрөвний гурав нь устай холбоотой гэдгийг онцоллоо. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд НҮБ-аас дэвшүүлсэн 17 зорилтын нэг нь ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж юм. Хурлаар дэлхийн усны эдийн засгийн комиссын шинжээчид байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хөдөө аж ахуй, устай холбоотой 700 тэрбум долларын төсөл, хөтөлбөрийг үе шаттайгаар зогсоохыг зөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.