images

“Парис-2024”: Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-22


     XXXIII дахь удаагийн Зуны Oлимпийн наадам 2024 оны долдугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд Францын нийслэл Парис хотноо болно. Иймээс наадам зохион байгуулах хорооноос сайн дурын 45 мянган ажилтныг дэлхийн өнцөг булан бүрээс шалгаруулж авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдрөөс сайн дурын ажилтны бүртгэл нээгдэж байна. Бүртгэлийн өргөдлийг 6-8 долоо хоногийн хугацаанд хүлээж аваад энэ зун эхний шатны сонгон шалгаруулалтыг хийж дуусгах юм. Харин эхний шатанд тэнцсэн хүмүүстэй намар холбогдож ярилцлага хийнэ гэжээ. Энэ ажилд тавих гол шалгуур нь 2024 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд 18 нас хүрсэн байх, франц эсвэл англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх, 2024 оны долдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 10-ны хооронд дор хаяж 10 өдөр ажиллах боломжтой байх юм. Сайн дурын ажилчид нь үзэгчид, тамирчдыг галт тэрэг, онгоцны буудлаас тосон авч тамирчдын хотхон, бэлтгэл хийх ордон, тэмцээн болж буй газар, хэвлэл мэдээллийн төвд замчилна. Мөн улсуудын тамирчид, төлөөлөгчдийг машин болон есөн хүний суудалтай микро автобусаар байр хооронд тээвэрлэх ажээ. Түүнчлэн үзэгчдэд зориулсан спорт, урлагийн хөтөлбөр, шаардлагатай бусад мэдээллийг хүмүүст өгч, төлөөлөгч, сэтгүүлчдэд хориотой бүсэд нэвтрэх эрх өгөх, өргөдөл боловсруулах, карт хэвлэх, харилцааны хэрэгслийг шалгах зэрэг ажил хийж болно. Тамирчид болон тэмцээнтэй холбоотой оноо, цаг зэрэг өгөгдөл оруулах, талбайд тоглож буй тамирчдад туслах буюу теннисний бөмбөг авч өгөх, допингийн хяналтын үеэр тамирчдыг дагалдах, тамирчдад эмнэлгийн тусламж үзүүлж буй ажилчдад туслах ажил ч бий. Үүгээр зогсохгүй эрүүл мэндийн салбарын ажилчид мэргэжлийнхээ дагуу сайн дурын ажил хийх эрхтэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.