Ром хотод “Холокостын дурсгал” цогцолбор байгуулна
Анд нөхдийн мэдээ
2023-03-20
Германы нацистуудын хийсэн харгис аллагын золиос болсон еврей хүмүүсийн дурсгалд зориулж Италийн нийслэл Ром хотод “Холокостын дурсгал” цогцолбор байгуулахаар болжээ. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони Засгийн газрын хуралдаан дээрээ дурсгалын цогцолбор барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнгөрсөн долоо хоногт Ромд айлчилсны дараа энэхүү цогцолбор байгуулах ажил илүү эрчимжсэн байна. Тэрхүү бүтээн байгуулалтад зориулж 10 сая евро төсөвлөж баталсан тухай тус улсын Соёлын сайд Женнаро Сан Жулиано мэдэгдэв. Холокостын тухай товч өгүүлэхэд, Германы нацист удирдагч Адольф Гитлерийн холбоотон байсан Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолини 1938 онд еврейчүүдийг ялгаварлан гадуурхсан агуулга бүхий хууль баталжээ. Муссолини унасны дараа Италийн нутаг дэвсгэрийг эзэлсэн Германы нацистууд Ромын еврейчүүдийн хороолол руу дайрч 2000 орчим еврейчүүдийг хоморголон хөнөөсөн юм. Ерөнхий сайд Ж.Мелони өнгөрсөн оны аравдугаар сард албан тушаалаа авсан даруйдаа “Бид ардчиллын эсрэг дэглэм, тэр дундаа фашизмыг өөгшүүлж болохгүй” гээд 1938 оны Б.Муссолинийн гаргасан арьс өнгөөр ялгаварласан хуулийг "Итали улс түүхэндээ хамгийн доод түвшиндээ унасан ичгүүртэй үе" гэж мэдэгдэж байсан юм. Холокостын дурсгалд зориулсан цогцолбор нь Ром хотын төвд Б.Муссолинийн амьдарч байсан харшийн ойролцоо баригдах нь бэлгэдлийн утга агуулсан аж. Төслийг хариуцаж буй архитектор Лука Зеви AFP-д хэлэхдээ, дурсгалын цогцолборыг гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөж байна гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.