images

Ханжоугийн Азийн наадмын бэлтгэл сайн байна гэв

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-17


    Азийн Олимпын зөвлөлийн зохицуулах хорооны тавдугаар хурал Хятадын Ханжоу хотноо хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус хурлаар зохицуулах хорооны гишүүд Ханжоугийн Азийн наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцжээ. Энэ үеэр тус зөвлөлийн ерөнхий захирал Хусаин Аль-Муссаллам цар тахлын амаргүй нөхцөлд зохион байгуулах хороо маш сайн ажиллаж, наадмын бэлтгэл ажил өндөр түвшинд хүрснийг онцолсон байна. Мөн тэрбээр “Бид хамгийн сүүлд гурван жилийн өмнө уулзалдаж наадмын бэлтгэл ажилтай танилцсан. Харин өнөөдөр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Азийн наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй боллоо. Цар тахлын үеийн хоёр жилд шаргуу хөдөлмөрлөсөн зохион байгуулах багийнханд талархал илэрхийлье” гэсэн бол АОЗ-ийн Азийн наадам хариуцсан захирал Хайдер Фарман Ханжоу хотод айлчлах үеэрээ “Энэ бол Азийн наадам төдийгүй Олимпын наадмын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын тосгон байна. Энэ тосгонд тамирчдад шаардлагатай бүх зүйл байх болно” гэжээ. Ханжоугийн Азийн наадмын тамирчдын тосгон гурван хэсгээс бүрдэх бөгөөд үндсэн тосгонд 10 мянга гаруй тамирчид, багийн ажилтнууд байрлана. Мөн хэвлэл мэдээллийн тосгонд 5000, техникийн албаныхны тосгонд 4000 орчим хүн байрлуулахаар төлөвлөжээ.

   Тус  хуралд манай улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч, АОЗ-ийн гишүүн Б.Баттүшиг оролцсон бөгөөд Хятадын ҮОХ болон Олон улсын Олимпын хорооны зочид төлөөлөгчидтэй уулзаж, Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэж буйг дуулгасан юм. Мөн Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар ажиллаж буй талаараа мэдээлэл солилцсон байна. Монголын баг тамирчид өмнөх “Жакарта-Палембан 2018” Азийн наадмаас дөрвөн алт, 9 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.