Хүүхдийг ивээх сан Талибаны Засгийн газарт шаардлага хүргүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-16
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын төрийн бус байгууллага болох Хүүхдийг ивээх иан Афганистан дахь Талибан дэглэмийг эмэгтэй хүүхдүүдийн боловсрол эзэмшихийг хориглосон бурангуй хоригоо цуцлахыг шаардав. Талибанчууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд гарснаасаа хойш жил хагасын хугацаанд Афганистаны охидыг хүйсээр нь ялгаж, охидын хувцаслалт зүй бус байна гэх шалтгаанаар дунд боловсрол эзэмшихийг хориглоод байгаа юм. Тус сангаас гаргасан тайланд тус улсын хоёр охин тутмын нэг нь сургуульд явах боломжгүй болж, хүүхдийн эрх ихээхэн доройтож байгааг онцлон шүүмжилсэн байна. Афганистаны төв хэсэгт байрлах олон нийтийн боловсролын төвийн 6-р ангийн сурагч Айша "Дөнгөж 6-р ангиа төгссөн бол ажил олдохгүй, коллежид ч явахгүй. Миний мөрөөдөл бол охидын сургуульд сурч төгсөөд их сургуульд элсэх" гэсэн байна. Айшагийн ээж Хадижа "Би бичиг үсэг сураагүй. Замын тэмдэглэгээ ч уншиж чаддаггүй. Миний ирээдүй бүрхэг байсан ч охины минь ирээдүй гэрэлтэй байгаасай гэж найдаж байна” гэжээ. Хүүхдийг ивээх сангийн Афганистан дахь төлөөлөгчийн газрын дарга Оливер Франц "Хэрэв охидын боловсрол тасалдвал тэд бага насны гэрлэлт, хүчирхийлэл болон бусад төрлийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй. Талибанчууд охидыг сургуульдаа эргэн орох боломжийг хангах ёстой" гэжээ. Хүүхдийг ивээх сан нь 1976 оноос хойш Афганистан даяар хүүхэд, эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Талибууд төрийн эрхэнд гарсны дараа тэд 2.5 сая гаруй хүний амьжиргааг тэтгэн, түүний дотор 1.4 сая хүүхдэд шууд тусламж үзүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.