images

Казахстан дахь Оросын компанийн хөрөнгийг битүүмжилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-16


     Казахстан улс ОХУ-тай хэрэгжүүлж буй сансрын хамтын ажиллагааны төслийн явцад Оросын тал үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж тус улсын Холбооны сансрын корпораци (Роскосмос)-ийн охин компанийн Казахстан дахь хөрөнгийг битүүмжилсэн тухай мэдээлэв. Энэ тухай тус улсын Засгийн газрын хуралдаан дээр Дижитал хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн сайд Багдат Мусин мэдэгдсэн байна. Тус хоёр улс Казахстаны Байконур сансрын буудлын дэд бүтцийг ашиглан шинэ үеийн пуужин хөөргөх баазыг байгуулах "Байтерек" төслийг 2021 оны арваннэгдүгээр сараас эрчимтэй эхлүүлсэн бөгөөд хоёр улсын хамтарсан компани байгуулсан юм. Гэвч “Роскосмос” хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр түүний охин компани болох “Сансрын газрын дэд бүтцийн ашиглалтын төв”-д урьдчилж төлсөн 13 тэрбум тенгег Казахстан улс буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард Астанагийн олон улсын санхүүгийн төвийн арбитрын шүүхээс “Байтерек”-ийг хохиролгүй болгож, нэхэмжилсэн мөнгийг төлүүлэх шийдвэр гарчээ. Гэвч “Роскосмос” өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. “Оросын тал шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул ийм шийдвэр гаргасан” хэмээн сайд Б.Мусин мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.