images

Финландыг НАТО-д элсэхийг Турк улс зөвшөөрөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-16


     Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Финланд улсыг Шведээс тусдаа НАТО-д элсэхийг зөвшөөрч, өргөдлийг нь тун удахгүй соёрхон батлах боломжтой гэлээ. Одоогоос нэг жилийн өмнө Орос, Украины дайн эхэлсэн тул Скандинавын хоёр улс улсуудын холбоонд нэгдэхийг сонирхох болсон билээ. Өдгөө Умард Атлантын гэрээний байгууллага нь 30 гишүүн оронтойгоос 28 орон тус улсуудын хүсэлтийг зөвшөөрсөн. Гэвч бүх гишүүн орны 100 хувийн саналаар шинэ гишүүн элсүүлдэг тул Финланд, Швед улс Турк, Унгарын амыг харахаас өөр аргагүй болсон билээ. Туркийн тал тус улсуудыг терроризмын эсрэг тууштай тэмцэгч байхыг хүсч байгаа бөгөөд Шведийг курдууд болон терроризмын бүлэглэлд хэт зөөлөн хандсан хэмээн шүүмжилдэг. Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар өнгөрсөн ням гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ гурван улсын хооронд байгуулсан хэлэлцээрт тусгасан үүрэг, амлалтаа биелүүлбэл НАТО-гийн гишүүн болохыг нь зөвшөөрөх тухай дурдсан. Тэгэхдээ Финланд амлалтаа сайн биелүүлсэн ч Швед улсыг хангалтгүй гэж үзэж байгаа нь Р.Т.Эрдоганы өчигдрийн мэдэгдлээс илэрхий боллоо. Нөгөөтээгүүр Туркийн элчин сайдын яамны гадна Шведийн исламын эсрэг идэвхтэй үзэлтэн Коран судар шатаасан нь тус улсыг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг шалтгаан болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.