images

Япон улс 2025 онд танилцуулах анхны нисдэг таксигаа туршив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-16


     2025 онд болох "Osaka Expo” үзэсгэлэнд танилцуулах Японы анхны нисдэг машины туршилтыг өнгөрсөн мягмар гарагт Осакагийн “Castle” цэцэрлэгт хүрээлэнд хийлээ. Уг туршилт агаарын таксины үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон таван компанийн нэг болох “Marubeni” худалдааны фирм дээр төвлөрсөн байна. Туршилтын үед нисдэг тэргийг асаасны дараа 10 секундийн дотор агаарт эгц дээшээ найман метрийн өндөрт хөөргөж, урагш, хойш, баруун зүүн, тийш хөдөлгөж, газардахын өмнө агаарт хэд хэдэн удаа эргэлдүүлжээ. Харин энэ туршилтын нисгэгчээр дрон болон нисдэг машины кибэр аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг “GMO Internet Group”-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, нисэх эрхийн лицензтэй Масатоши Күмагай ажиллажээ. Тэрбээр нислэг үйлдэхийн тулд Америкт сургалтад суусан бөгөөд “Одоо тулгараад буй асуудал бол технологи биш харин оршин суугчдын аюулгүй байдал, Японы дүрэм журмын томоохон сорилтууд гэж би бодож байна” гэжээ. Тэгвэл хоёр жилийн дараа ашиглахаар төлөвлөж буй нисдэг машинууд 2-5 хүний багтаамжтай байх гэнэ. Тухайлбал, “Marubeni” компани “British firm Vertical Aerospace Group”-ээр 2025 оны үйл ажиллагаанд зориулж таван хүний суудалтай нисдэг такси бүтээлгэхээр төлөвлөжээ. Мөн энэ үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан таван компанид багтсан “All Nippon Airways” компанийн толгой компани “ANA Holdings” нь АНУ-ын “Joby Aviation”-тай хамтран таван хүний ​​суудалтай нисдэг машин бүтээж байна. Харин “Japan Airlines” хоёр жолоочтой хөлгийг Германы Volocopter”-той хамтран хөгжүүлж байгаа бол Японы “SkyDrive өөрсдөө хоёр хүний суудалтай нисдэг машин бүтээж, үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа ажээ. Энэ хооронд Осака мужийн захиргаа орон сууцны хороолол орчмоор нислэг үйлдэхэд үүсэх дуу чимээний бохирдлыг бууруулах, орон нутгийнханд агаарын хөлгийн аюулгүй байдлыг ойлгуулахад төвлөрөн ажиллаж байгаа юм. Нисдэг машиныг танилцуулах Осакагийн үзэсгэлэн 2025 оны 4 дүгээр сарын 13-нд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.