images

Монгол судлаач Ю.Кручкин шинэ толь бичгээ Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйд зориулжээ

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Манай улсад олон жил ажиллаж, амьдарсан монгол судлаач Юрий Кручкин Оросын улс төрийн цагаач, дүрвэгсдэд зориулсан орос-монгол толь хэвлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр олон төрлөөр хоёр хэлний толь зохиосон бөгөөд энэ удаагийн толийнхоо тэргүүн хуудсанд оросоор “Алексей Навальныйд зориулав” гэсэн үг бичсэн нь сонирхолтой байна. Алексей Навальный нь Оросын улс төрийн сөрөг хүчний удирдагч, В.Путиныг ил тодоор эсэргүүцэгч юм. Тэрбээр 2020 онд үл мэдэгдэх хоронд хордсоныхоо дараа Германд эмчлүүлж ирээд баривчлагдан улмаар шүүхийн шийдвэрийн дагуу өдгөө шоронд ял эдэлж байгаа билээ. Монгол судлал, утга зохиолын орчуулга, олон улсын харилцааны чиглэлээр олон арван ном туурвисан Ю.Кручкин нь Монголын ялангуяа сэхээтний хүрээнд ихээхэн нэр хүндтэй, монголчуудаас Аюур хэмээх нэрийг хүртсэн хүн юм. ОХУ-ын Саратов мужийн уугуул тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг 1981 онд, улмаар Гадаад хэргийн яамны Дипломатын академийг дүүргээд Оросын дипломат албанд ажиллаж байжээ. Тэрбээр Украины дайн эхэлснээс хойш, энэ асуудлаар баримталж буй Орос улс, түүний удирдагчийн байр суурийг шүүмжилсэн ярилцлагыг Монголын хэвлэлд нэг бус удаа өгсөн юм.

     "Улс төрийн цагаачдад" хэмээн зориуд онцолсон Ю.Кручкины шинэ толь энэ жил хэвлэгдсэн бөгөөд толийнхоо арын хэсэгт тэрбээр УИХ-аас баталсан Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн орос орчуулгыг бүрэн эхээр оруулснаас гадна Монголд ирэх Оросын иргэдэд өгөх төрөл бүрийн зөвлөгөө, тухайлбал, Монголд ирэхэд ашиглаж болох тээврийн хэрэгслийн үнэ, цагийн хуваарь, тийз авах арга замууд, Улаанбаатарт валют солиулах, гар утасны сим карт авах, зочид буудалд буух, оршин суух хугацаа сунгуулах, байр хөлслөх, банкинд данс нээлгэх, ажилд орох, их дээд сургуульд элсэх, төрийн байгууллагын үйлчилгээ авах гэх мэтийн зөвлөгөөг багтаажээ. А5 хэмжээтэй, 500 шахам хуудастай энэ толийн номын дэлгүүр дэх үнэ 48 мянган төгрөг ажээ.

Гэрэл зураг: www.mongolnow.com

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.