images

Нохой юуны учир онгоцны нэгдүгээр зэрэглэлийн суудалд залрав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Өнгөрсөн сард Туркт болсон газар хөдлөлтийн голомт руу илгээсэн орон орны аврах багийн ноход нутаг буцахдаа онгоцны нэгдүгээр зэрэглэлийн өндөр үнэтэй суудалд заларчээ. Их Британийн “Independent" болон "Daily Mail” сонины мэдээлснээр, аврах ажиллагаанд оролцсон нохдын зорчсон "Turkish Airlines" компанийн нэгдүгээр зэрэглэлийн суудлын нийт үнэ олон зуун мянган доллар болсон байна. Энэ талаар "Turkish Airlines"-ийн төлөөлөгч хэлэхдээ "Энэ бол эдгээр баатарлаг амьтдын ач тус, хүчин чармайлтад талархаж байгаагаа илэрхийлэхийн тулд бидний хийж чадах хамгийн өчүүхэн зүйл" гэжээ. Туркийн газар хөдлөлтийн аврах ажиллагаанд АНУ, Их Британи, Хорват, Чех, Герман, Грек, Ливи, Польш зэрэг олон арван орны аврах ноход оролцсон юм. Зөвхөн Мексик улс гэхэд л аврах ажиллагаанд оролцсон олон жилийн туршлагатай 16 нохойгоо илгээсэн билээ. "Turkish Airlines" компани Тайланд, Киргиз, Унгар, Хятад зэрэг олон орны аврах багийг эх оронд нь тусгай нислэгээр үнэгүй хүргэж өгсөн бөгөөд ингэхдээ олон хүний амь аварсан тэдгээр нохдод зориуд хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм. Аврагч нохойн үнэрлэх чадвар хүнийхээс доод тал нь 10 мянга дахин, сонсголын чадвар нь 50 дахин өндөр байдаг бөгөөд Туркт болсон газар хөдлөлтөөр нурсан барилгын доор дарагдсан хүмүүсийг олоход нохой онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.