images

В.Путин "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад хоёр жилийн дараа анх удаа оролцож магадгүй хэмээн Их Британийн өдөр тутмын "Independent" сонин мэдээлэв. Тус сонин Путины ажлын хуваарийг мэддэг эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ ОХУ-д жил бүр болдог Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болох хугацаа болон Энэтхэгийн Шинэ Делид болох “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үетэй давхцаж байснан тул Кремль дотооддоо болох хурлын товыг өөрчилсөн гэжээ. Энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт есдүгээр сарын 9-10-ны хооронд Владивосток хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан ч “Их 20”-ийн уулзалтын дараа буюу 12-15-нд хийхээр хойшлуулжээ. В.Путин “Их 20”-ийн уулзалтад өөрийн биеэр оролцвол сүүлийн хоёр жилд анх удаа “Их 20”-ийн бүх удирдагч нэг дор цугларах ажээ. Тэрбээр 2021 онд Италийн Ром хотноо болсон дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Индонезийн Балид болсон уулзалтад оролцоогүй юм. Тухайн үед энэ явдлыг ОХУ-ын Засгийн газар бусад хуваарьтай давхцаж байгаа гэсэн үндэслэлээр тайлбарлаж байсан ч АНУ, Их Британи, Франц зэрэг Барууны орнуудтай сөргөлдөж эхэлсэнтэй холбоотой хэмээн шинжээчид дүгнэж байсан юм. Өнгөрсөн оны долдугаар сард болсон “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Барууныхны шүүмжлэлийг тэвчиж чадалгүй хуралдааныг хаяж гаран маргаан үүсгэсэн. Мөн энэ сарын 1, 2-нд “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт Шинэ Делид болоход гишүүн орнууд хоёр өдрийн турш хэлэлцсэн ч Орос, Хятадын эсэргүүцлийн улмаас Украины дайнтай холбоотой асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул хамтарсан мэдэгдэл баталж чадаагүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.