images

Саудын Араб улс цөмийн хөтөлбөрөө дэмжихийг АНУ-аас хүсжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-10


     Саудын Араб улс Израилтай харилцаагаа хэвийн болгох нөхцөл болгон уран баяжуулах технологи, цөмийн түлшний технологи зэрэг цөмийн хөтөлбөрөө дэмжихийг АНУ-аас хүссэн тухай WSJ сонин мэдээлжээ. Арабын ертөнцийн хамгийн хүчирхэг орон, Исламын хамгийн ариун газар гэгддэг Саудын Араб, Израил хоёр албан ёсны дипломат харилцаа тогтоож, харилцаагаа хэвийн болговол Ойрхи Дорнодын улс төрийн ойлголт өөрчлөгдөнө хэмээн тус сонин онцлон дурджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Саудын Араб, АНУ, Израил улсуудад байдаг нийтлэг эрх ашиг бол Ираны эсрэг аюулгүй байдлыг бэхжүүлэх явдал ажээ. Саудын Араб тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг Израйлтай харилцаагаа хэвийн болгох нэг урьдчилсан нөхцөл гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн хэлэлцээнд энэ талаар онцолсонгүй гэж Израиль, Америкийн албаны хүмүүс мэдэгдлээ. Арваад жил л яригдаж байсан Саудын Араб-Израилийн дипломат харилцаа хэрэгжвэл АНУ тэргүүтэй гурван улсын хувьд түүхэн амжилт болох юм. 2020 онд Израил улс АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын зуучлалаар Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн, Марокко, Судан зэрэг Арабын дөрвөн улстай "Абрахамын хэлэлцээр"-т гарын үсэг зурснаар дипломат харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсон. Ерөнхийлөгч Жо Байден мөн өмнөх Ерөнхийлөгчийнхөө бодлогыг өвлөн авч, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.