БНХАУ-ын даргаар Ши Жиньпин гурав дахь удаагаа улиран сонгогдлоо
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш гурав дахь удаагаа улиран сонгогдсон анхны төрийн тэргүүн боллоо. Бээжингийн Ардын их хурлын ордонд болсон 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 1 дүгээр чуулганы 3 дугаар бүгд хурлаар болсон ерөнхийлөгчийн сонгуулиар 2952 хүний саналаар тэрбээр ийн сонгогджээ. Улмаар Цэргийн төв зөвлөлийн даргаар мөн санал нэгтэй сонгогдсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон БНХАУ-ын Коммунист намын их хурлаар Хятадын эрх мэдлийн оргил болсон намын ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдон гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн тэрбээр гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр таван жилийн хугацаатай сонгогдон нам, улс, армийн дээд удирдагчаар ажиллах хугацаагаа 15 жил болгон сунгалаа. 2018 онд тус улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дараалсан гурван эрх мэдлийг хязгаарласан заалт хүчингүй болж тус өөрчлөлт Ши Жиньпин даргын үед хамгийн түрүүнд хэрэгжиж эхэлсэн юм. БНХАУ-ын Үндсэн хуульд зааснаар Төрийн тэргүүн нь хууль батлах, Ерөнхий сайд, Ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн гишүүд, Засгийн газрын яамны сайд нарыг томилж, чөлөөлөх, шагнал урамшуулал олгох, өршөөл үзүүлэх, онц байдал, дайн зарлах, элчин сайдыг томилох, эгүүлэн татах, гэрээ соёрхон батлах, хүчингүй болгох зэрэг эрхийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийн дагуу хэрэгжүүлдэг ажээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргаар Жао Лэжи сонгогджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.