Туркийн ах дүү гурав гамшигт өртсөн иргэдэд үнэгүй талх тарааж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
Гуч гаруй жил Азербайжан, Иран, Украинд талхны үйлдвэр ажиллуулсан ах дүү гурав газар хөдлөлтийн улмаас сүйдсэн Туркийн Кахраманмараш хотоос гаралтай ажээ. Тэдний том нь 51 настай Хасан, дундах нь 48 настай Сэрвэт, отгон нь 45 настай Эмрах бөгөөд тэд хамтран гамшигт нэрвэгдсэн нутгийнхаа иргэдэд үнэгүй талх тарааж байна. Ах дүү гурав дөрөв хоногийн өмнө төрсөн тосгондоо очсон бөгөөд модоор галладаг хуучны пийшэнд талх барьж буй ажээ. Ийм байдлаар тэд нэг өдөр 20-25 мянган талх хийж байсан бол хотод байгалийн хийг дахин ашиглах болсноор 40-42 мянга болгож үйлдвэрлэлээ нэмсэн байна. Турк, Сирид газар хөдлөлт болоход Кахраманмараш хотод том ах Хасаных нь эхнэр байсан бөгөөд Украинд байгаа нөхөртөө энэ мэдээг дуулгаж, ирэхийг хүссэн байна. Улмаар Иран, Азербайжанд байдаг хоёр дүү нь түүнтэй нэгджээ. Нарийн боовчин Хасан Акуш Туркийн “Anadolu” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хүмүүст талх, ус, хоол, тусламж хэрэгтэй. Одоо бид халуун талхаар нутгийн иргэддээ үйлчилнэ” гэж ярьсан байна. Мөн тэрбээр гэр бүлийн 38 гишүүн хамтран ажиллуулдаг нарийн боовны газар, гурилаар хангасан донор байгууллагууддаа талархал илэрхийлээд “Миний гэр бүл, амьдрал нуранги дор орсон байхад би амьд байгаадаа баярлаж чадахгүй. Энэ гуниг зовлонгийн дараа бид жаргалтай байж чадахгүй ч гар гараасаа бариад энэ бүхнийг даван туулна” гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.