Орос, Украины үр тарианы хэлэлцээ Женевт болно
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (UNCTAD) өчигдөр Украин, Оросын үр тариа, бордооны экспортын хэлэлцээрийг сунгах хэлэлцээ ирэх долоо хоногт Швейцарын Женев хотноо болно гэж мэдэгдэв. “Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан ирэх долоо хоногт Женевт Оросын ГХЯ-ны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцээрийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ" хэмээн албаны хүн “Yonhap News” агентлагт мэдээлжээ. Украин, Орос хоёр өнгөрсөн оны долдугаар сарын 22-ны өдөр НҮБ болон Туркийн зуучлалаар Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрт гарын үсэг зурснаар Хар тэнгис дэх үр тариа экспортлогчдын аюулгүй байдлыг баталгаажуулсан юм. Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш Хар тэнгисээр дамждаг үр тарианы экспортыг хааснаар хямралд ороод байсан дэлхийн хүнсний зах зээлийг хэвийн болгох зорилготой юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд гэрээг нэг удаа 120 хоногоор сунгасан ажээ. Ирэх долоо хоногт хийх хэлэлцээ НҮБ Оросын шаардлагыг сонсож, харилцан буулт хийх тал дээр төвлөрөх төлөвтэй байна. НҮБ дэлхийн хүнсний хямралыг даван туулахын тулд Оросын бордооны экспортыг идэвхжүүлэх шаардлагатай гэсэн байр суурь барьж байгаа ажээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш урд өдөр нь Украинд айлчилж ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.