“Yongle Dadian” нэвтэрхий толийн үзэсгэлэнг нээв
Анд нөхдийн мэдээ
2023-03-06
Баруун хойд Хятадын Ганьсу мужийн Ланжоу музейд Хятадын эртний нэвтэрхий толь "Yongle Dadian"-ы үзэсгэлэнг албан ёсоор нээж, Ланжоу хотод хамаарах 70 орчим сонгодог бүтээлийг толилуулжээ. "Yongle Dadian" нь 1403 онд Мин улсын Юнлө эзэн хааны захиалгаар бүтээсэн судрууд болон МЭӨ 221 онд байгуулсан Цинь гүрний өмнөх үеэс 1368 онд байгуулсан Мин гүрэн хүртэлх үеийн бүртгэл, уран зохиол, философи, урлаг, түүх, газар зүй, шашны сэдвээрх 7000 гаруй судрын цуглуулга юм. Мөн "Британника" нэвтэрхий тольд нэрлэсэн дэлхийн хамгийн том нэвтэрхий толь нь энэхүү “Yongle Dadian” бөгөөд нийт 11095 боть, 370 сая ханз үсгээс бүтдэг ажээ. Дэлхийд алдартай энэ нэвтэрхий толийг хамгаалахын тулд Мин гүрний эзэн хаан Жяжин дахин бичихийг тушааснаар үүнийг хуулбарлах ажил таван жил үргэлжилжээ. Гэвч түүхийн урт удаан хугацааны туршид хуулбарууд алга болсон байна. Өдгөө “Yongle Dadian”-ий 400 боть, цөөн хэдэн тасархай хадгалагдаж үлдсэн нь эх хувилбарын ердөө дөрвөн хувь ажээ. Харин энэ нэвтэрхий толийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн түвшинд судлах зорилгоор “Yongle Canon HD” зургийн мэдээллийн санг Бээжин дэх Хятадын Үндэсний номын сан бүтээж өнгөрсөн хоёрдугаар сард нийтэд зарласан бөгөөд үүнийг хүмүүс үнэ төлбөргүй, чөлөөтэй ашиглах боломжтойгоор цахимд байршуулсан юм. Одоогоор Хятадын Үндэсний номын сангийн бүтээсэн тус санд 1800 ном багтжээ. Энэ мэтчлэнгээр Хятад улс дэвшилтэт технологийг ашиглан сонгодог уран зохиолыг өдөр тутмын амьдралд оруулах ажлыг эрчимжүүлэв. Тухайлбал, 2022 онд тус улсын эрх баригчид эртний ном судрыг дижитал хэлбэрт шилжүүлэхээ амлаж, номын сан, архивуудад өөрсдийн цуглуулгаа дижитал хэлбэрээр олон нийтэд нээлттэй болгох чиглэл өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.