АНУ-ын Конгрессийн хамгийн чинээлэг гишүүн Монголын бүлгийн даргаар томилогдов
Анд нөхдийн мэдээ
2023-03-05
Өнгөрөгч нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлсэн АНУ-ын ээлжит 118 дугаар Конгресст “Mongolia Caucus” буюу Монголын бүлэг шинэчлэн байгуулагдсаныг өнөөдөр зарлав. Бүлгийн хамтран даргалагч нараар, Ардчилсан намаас Невада мужид нэр дэвшин сонгогдсон Дина Тайтус, Бүгд найрамдах намаас Калифорни мужид нэр дэвшин сонгогдсон Даррелл Исса нар ажиллахаар болсныг албан ёсны эх сурвалжууд мэдээллээ. Д.Тайтус нь энэ бүлгийг өмнө нь даргалж байсан бол Бүгд найрамдах намаас түүнтэй хамтарч байсан Дональд Янг өнгөрсөн онд нас барснаар оронд нь өөр хүн томилох болсон юм. Д.Янг нь 1973 онд Аляска мужид нэр дэвшин Бүгд найрамдах намаас сонгогдоод Конгрессийн гишүүнээр 49 жил ажиллаж, АНУ-ын парламентын түүхэнд дээд амжилт тогтоосон өндөр нэр хүндтэй хүн байсан билээ. Тэгвэл Монголын бүлгийг анх удаа даргалах Д.Исса нь энэ удаагийн Конгрессийн дээд, доод танхимын нийт 535 гишүүнээс хамгийн чинээлэг нь юм. (АНУ-ын парламент буюу Конгресс нь Сенат, Төлөөлөгчдийн танхим хэмээх хоёр танхимтай) 2000 оноос хойш Калифорни мужаас нэр дэвшин удаа дараа сонгогдсон Д.Исса нь ливан гаралтай, өнөө жил 70 нас хүрч буй. Тэрбээр 1982 онд автомашины аюулгүй байдал, хамгаалалт, электроникийн хэрэгсэл үйлдвэрлэх Америкийн хамгийн том компанийг байгуулж олон зуун сая долларын хөрөнгө хуримтлуулсан төдийгүй хөрөнгө оруулалт, үнэт цаасны бизнес мөн амжилтай эрхэлж байжээ. Конгрессийн гишүүн болсноосоо хойш тэрбээр бизнесээ бусдад худалдсан бөгөөд өнөөдөр түүний хөрөнгө албан ёсоор 460 сая доллар юм. Сонирхолтой нь, АНУ-ын Конгрессийн гишүүдийг хөрөнгө чинээгээр нь жагсаахад түүний дараа хоёрдугаарт орж буй Бүгд найрамдах намын сенатор Рик Скотт нь Д.Иссагаас даруй 160 саяар бага буюу 300 сая долларын хөрөнгөтэй байна. 2012 онд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөөд Барак Обамад ялагдаж байсан Митт Ромни мөн тийм хэмжээний хөрөнгөөр гуравдугаарт бичигджээ. Д.Исса нь энэ удаагийн Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын, Хууль зүйн болон Шинжлэх ухаан, сансар, технологийн байнгын хороонд харьяалагддаг байна. Монгол Улсын Их Хуралд Монгол-Америкийн парламентын бүлэг бий бөгөөд тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилладаг билээ.
Тэгвэл Парис дахь манай эх сурвалжийн өнөөдөр мэдээлснээр, Францад суугаа Монгол улсын ЭСЯ өчигдөр тус улсын парламентын дээд танхим буюу Сенатын гишүүн 10 хүнд оройн зоог барьжээ. Зоог ихээхэн ажил хэрэгч болж талууд манай нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол төдийгүй ураны хайгуулын салбар дахь Францын хөрөнгө оруулалтын талаар илэн далангүй ярилцсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснийг эшилбэл “Францын парламентад Монголыг талархан дэмжигчид цөөнгүй байгаагийн хэргийг гаргахын төлөө сайтар чармайгаарай” хэмээн манай дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад чухалчлан хэлсэн байна. 348 гишүүнтэй Францын Сенат дахь Монголын бүлэг 25 гишүүнтэй бөгөөд тус бүлгийг, парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Филлип Мүйэ даргалдаг байна. Харин Монгол-Францын парламентын бүлгийн дарга нь гишүүн Ж.Чинбүрэн юм.
Зураг дээр: Монгол улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Д.Исса нар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.