images

Японд хогийн цэгээс их хэмжээний мөнгө олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-03


     Японы Саппоро хотын Ниши дүүргийн нэгэн хогийн цэгээс 10 сая иен олдсон тухай тус улсын “Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Тухайн үед хог ангилж байсан хот тохижилтын ажилтан уг мөнгийг олж цагдаад мэдэгдсэн байна. Улмаар цагдаагийн албан хаагчид уг мөнгөний эзнийг хайж эхэлжээ. Түүнээс хойш нийт 13 хүн уг мөнгөний эзэн болохоо мэдэгдэж хотын захиргаанд хандсан байна. Тэд “Сонинд боож хадгалж байгаад андуураад хаяжээ”, “Зөнөж мартамхай болсон аав минь хаячихжээ” гэх мэтээр мэдүүлэг өгсөн байна. Гэвч одоогоор жинхэнэ эзэн нь тодроогүй байгаа тухай цагдаагийн газар өнөөдөр мэдэгдэв. Хэрэв дөрөвдүгээр сарын 30-ны дотор жинхэнэ эзэн гарч ирэхгүй бол уг мөнгө Саппоро хотын захиргаанд шилжих аж. Иргэд ямар ч нотлох баримтгүйгээр 10 сая иенийг өөрийн мөнгө хэмээн мэдүүлсэн тухайд цахим хэрэглэгчид маш шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан хуульч Сүмида Юко “Fuji Network News” агентлагт “Хэрэв та худал мэдүүлэг өгвөл залилан мэхлэхийг завдсан хэрэгт буруутгагдах магадлалтай” гэсэн байна. Японд хогийн цэгээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон нь анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн сарын 20-ны өдөр Осака хотын хогийн цэгээс гурван сая иен олдож байжээ. Тухайн үед эзнийг нь тэр дор нь олж мөнгийг буцаан өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.