Төвийг сахисан олон улсын хоёр байгууллага Орос, Украины хэлэлцээрт зуучилна
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
Швейцарын Женев хотод төвтэй олон улсын хоёр байгууллага Орос, Украины хэлэлцээрт зуучлах оролдлого хийж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Женевийн Хүмүүнлэгийн яриа хэлэлцээний төв (HDC) болон Женевийн Аюулгүй байдлын бодлогын төвийн (GCSP) шинжээчид албан бус сувгаар Орос, Украинтай холбоо тогтоосоор байгаа ажээ. HDC нь мөргөлдөөнд оролцогч талуудыг зуучлах, шууд хэлэлцээ хийх замаар дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор байгуулагдсан олон улсын байгууллага бол GCSP нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Швейцарын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр байгуулагдсан олон улсын байгууллага юм. GCSP-ийн захирал Томас Гренмингер "Швейцарын Засгийн газраас санхүүждэг тус хоёр төрийн бус байгууллагын төлөөлөгчид Орос, Украин улстай гурван удаа нүүр тулан уулзаж, мөн цахим уулзалт ч хийсэн” гэжээ. Хэлэлцээнд зуучилж буй мэргэжилтнүүдийг хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт нэвтрэх боломжтой өндөр түвшний албан тушаалтнууд гэж тэрбээр танилцуулав. "Back channel" гэж нэрлэгддэг энэхүү харилцааны суваг нь сөргөлдөгч талуудад ямар ч нөхцөлд харилцах боломжийг олгодог албан бус, нууц харилцааны платформ ажээ. Өнгөрсөн оны долдугаар сард НҮБ, Туркийн зуучлалаар Украинтай үр тарианы экспортын гэрээ байгуулахад Женевийн мэргэжилтнүүд оролцсон тухай тэрбээр танилцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.