Бразилийн ерөнхийлөгч Украины дайныг зогсооход зуучилна
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва өчигдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй 30 минутын видео яриа хийж, дайныг зогсоох зуучлалын ажилд манлайлан оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр утсаар ярьсан тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа "Бразил энх тайван, яриа хэлэлцээг бий болгох бүх хүчин чармайлтад оролцох хүсэлтэй байгааг тодорхой илэрхийлсэн" гэжээ. Энэ оны нэгдүгээр сард гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр тангараг өргөх ёслолын өмнө Орос, Украины хоорондох дайныг зогсоох “Энхийн клуб” байгуулах санал гаргаж байсан юм. Клубын зорилго нь энэ дайнд төвийг сахиж буй улс орнууд хамтран мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх явдал гэж томъёолжээ. Украины ерөнхийлөгч В.Зеленский мөн өөрийн цахим хуудсандаа "Бид дэлхийн энх тайвныг сэргээх дипломат хүчин чармайлтын талаар ярилцлаа" гээд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтын талаар нэгдсэн байр суурьтай байгаагаа хэлжээ. В.Зеленский да Силваг Украин улсад айлчлахыг урьж байгаагаа дуулгахад тэрбээр "Тохиромжтой цагт нь зочилно" гэж хариулсан тухай CNN мэдээлэв. Энэ сард Хятадад айлчлах гэж байгаа да Силва "Энхийн клуб" байгуулах саналаа Ши Жиньпин даргад уламжлахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-ын “The Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа В.Путин, В.Зеленский нарыг аль алиныг нь буруутгаж “Нэг нь хүсэхгүй байгаа нөхцөлд хоёр хоёр хүн зодолддоггүй” гэж хэлж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.