АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр Их 20-ын Гадаад хэргийн сайд нарын хурал болсон Энэтхэгийн Шинэ Делид уулзалт хийсэн байна. АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтны хэлснээр, Орос Украинд цөмрөн орсны дараа хоёр улсын гадаад хэргийн тэргүүн нарын анхны ганцаарчилсан уулзалт бөгөөд энэхүү уулзалтын үеэр Э.Блинкен ОХУ-ын довтолгоонд өртөөд буй Украин улсын хамгаалалтыг АНУ дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Үүнээс гадна тэрбээр Оросыг Стратегийн зэвсгийг хорогдуулах “New start” хэлэлцээрт эргэн орохыг уриалжээ. Өнгөрсөн сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг хэлэлцээрийг сунгах тухай хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. “New start” хэлэлцээр нь АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан гэрээ бөгөөд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэгчийг тодорхой тоонд хүртэл цөөлөх, хоёр улсын цөмийн байгууламжид үе үе үзлэг шалгалт хийх зорилготой гэрээ юм. Мөн Төрийн нарийн бичгийн даргаОХУ-д саатуулагдсан Пол Уилианыг суллахыг шаарджээ. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хамгаалалтын албаны дарга асан Уилиан нь 2020 онд тагнуулын хэргээр баривчлагдан 16 жилийн хорих ял авч, ОХУ-д хоригдож байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.