Ирээдүйд гар утсыг хүний арьсанд суулгана
Анд нөхдийн мэдээ
2023-03-02
1973 онд гар утсыг анх бүтээснээсээ хойш "Гар утасны эцэг" гэгддэг болсон Мартин Купер ирээдүйд гар утсыг бидний арьсанд суулгах байх гэж мэдэгджээ. Испанийн Барселона хотод болсон “Mobile World Congress 2023” гар утасны холбооны үзэсгэлэнгийн үеэр тэрбээр CNBC-д өгсөн ярилцлагадаа "Шинэ үеийнхэн гар утсыг чихэндээ суулгах бөгөөд цэнэглэх шаардлагагүй, хүний биеэс цэнэг авдаг болно” гэжээ. Түүний ярьсан гол санаа нь микрочип болон мэдрэгчид суурилсан хүн төрөлхтний ирээдүйн үе шатыг хэлж байгаа бөгөөд зарим старт-апууд, тэр дундаа “Тесла”-гийн “Neuralink” компани компьютер болон хүний тархийг хослуулах технологийг хөгжүүлж байгаа билээ. Мөн тэрбээр "Бид утсаар ярих болгондоо энэ хавтгай төхөөрөмжийг толгой, чихэндээ хүртэл өргөх хэрэгтэй болдог" гэж шүүмжлээд одоогийн гар утасны дэлгэц тийм ч тохиромжтой биш гэжээ. "Тавин жилийн өмнө гар утас бүтээгдэж байхад хэзээ нэгэн цагт хүн бүр гар утастай болж тэр нь фото аппарат болон нэвтэрхий толийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг төсөөлж байсангүй” хэмээн хэлжээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүний хувийн мэдээлэлд халдах, цахим луйвар хийх, интернетэд донтох гэх мэт сөрөг зүйлс дагалдаж буйг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.