Умард Солонгосоос дүрвэж ирсэн дипломатчийн эхнэр AFP агентлагт ярилцлага өгчээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-02
Умард Солонгосоос дүрвэж ирсэн Үндэсний ассамблейн гишүүн Тэ Ён Хогийн эхнэр О Хэ Сон гадаадын хэвлэлд ярилцлага өгч, умардад орхиод ирсэн гэр бүлийнхээ ээдрээтэй амьдралын талаар ний нуугүй ярьжээ. Тэрбээр Францын AFP агентлагт өгсөн ярилцлагадаа өөрийн гарал үүсэл, дүрвэж ирсэн тухай, мөн Сөүл дэх амьдралынхаа талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. AFP түүнийг "Хойд Солонгосын элит гэр бүлд төрсөн ч гадаад ертөнцийн эрх чөлөөний амтыг мэдрээд Өмнөд Солонгосоос орогнол хүсэхээр шийдсэн хүн" гэж танилцуулжээ. Тэрээр 2016 онд Лондонд сууж байсан Умард Солонгосын дипломатч Тэ Ён Хотой хамт хоёр хүүхдээ дагуулан өмнөд Солонгост ирсэн бөгөөд саяхан “Лондонгийн Пхёнян эмэгтэй” дурсамж номоо хэвлүүлсэн юм. Хатагтай О бол Ким Ир Сений хамтран зүтгэгч партизан О Бэк Рёнгийн зээ О Ки Сүгийн охин гэдгээрээ алдартай ажээ. Тэрбээр дипломатч асан Тэ-тэй хэдэн жил Дани, Швед, Англи зэрэг Европын орнуудаар аялж явахдаа урьд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй орчныг олж харсан бөгөөд ялангуяа 2004 онд Лондонд ирэхдээ тэрбээр "Хэрэв диваажин гэж байдаг бол тэр нь энэ байх” гэсэн бодол төрж байснаа ярьжээ. Тэрбээр одоогоор Сөүлд хангалуун сайхан амьдарч байгаа ч Умардад орхиод ирсэн ээж, эгч дүү нартаа маш их санаа зовдог тухай мөн хэлээд "Тэд намайг үзэн ядаж байгаа болов уу, атаархдаг болов уу? Эсвэл миний хийсэн үйлдлийг зөвтгөж, ханьцуйн дотроо залбирдаг ч байж магадгүй" хэмээн нулимсаа урсган байж ярьсан тухай AFP мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.