images

“Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-01


     Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо энэ сарын 1-нээс 2-ны өдөр “Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж олон улсын хамтын нийгэмлэгийн цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Энэтхэгийн Гадаад харилцааны яамны мэдээлснээр, уг арга хэмжээ өнөөдөр үдээс хойш албан ёсны оройн зоог барьж эхлэх бөгөөд Украины дайн, цаг уурын өөрчлөлт, хөгжиж буй орнуудын өр зээл, терроризмын эсрэг хариу арга хэмжээний тухай хэлэлцэх ажээ. Харин дараагийн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх юм. Энэ хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клави нараас эхлээд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чиньжян зэрэг дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид, Их 20-ийн гишүүн орны сайд нар оролцож байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлэхдээ, "Энэтхэг хөгжиж буй орнуудын байр суурийг илэрхийлэхийг зорьж байгаагаас гадна Украины асуудал уг арга хэмжээний хамгийн чухал хэлэлцэх асуудал байх магадлалтай" гэжээ. Өнгөрсөн сарын 25-нд өндөрлөсөн Их 20-ийн бүлгийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалтаар Украины дайны асуудлаар гишүүн орнуудын хооронд санал зөрөлдсөн тул хамтарсан мэдэгдэл батлаагүй ажээ. Мөн 11 дүгээр сард Балид болсон дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс бусад "Их 20"-ийн гишүүд оролцож, хамтарсан тунхаг гаргахад ихэнх орон дайныг буруушааж буйгаа мэдэгдсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.