Кетчуп идсээр амьд гарсан хүнд “The Kraft Heinz” компани завь бэлэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-01
Кетчуп, майонезаараа алдартай Америкийн “The Kraft Heinz” хүнсний компани далайн дунд кетчуп болон нунтаг сармисаар гол зогоон 24 хоногийн дараа аврагдсан нэгэн хүнд шинэ усан онгоц бэлэглэхээр болсон тухай “Washington Post” сонин мэдээллээ. Карибын тэнгист осолдсон Доминиканы иргэн Элвис Франсуаг эсэн мэнд олсон бөгөөд тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард Синт-Мартен боомтод завь туршиж үзэж далайн давалгаанд цохигдон хөвж оджээ. Улмаар гар утасны сүлжээ барихгүй хол одсон тэрбээр завин дотроо байсан кетчуп, нунтаг сармис зэргийг идэж борооны ус тосон ууж байжээ. Азаар ойрхон өнгөрч явсан усан онгоцыг олж хараад толины гэрэл ойлгон тусгаж дохио өгснөөр онгоцны үйлчлэгч ойролцоох Колумбын аврах багийнханд мэдэгдэж түүнийг аварчээ. Энэ хүртэл тэрбээр далайд 24 хоносон байна. Энэ тухай мэдээлэл олж сонссон “The Kraft Heinz” компани түүнтэй холбоо тогтоох гэж янз бүрээр оролдсоны эцэст олон нийтийн сүлжээнд хандсанаар Франсуатай холбогдож чаджээ. Улмаар түүнд шинэ завь бэлэглэхээр болсон бөгөөд одоогийн байдлаар түүнд ямар завь тохирохыг судалж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.