images

Хятад залуусын гадаадад суралцах сонирхол эрс нэмэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-28


     Хятадад хэсэг хугацаанд буураад байсан гадаадад суралцах залуусын сонирхол дахин сэргэж эхэлсэн тухай орон нутгийн "Гемён" сонин мэдээлжээ. Өнгөрсөн оны сүүлээр Шанхайд ажиллаж байгаад дахин АНУ-д суралцахаар одсон Жан хэмээх залуугийн тухай жишээ болгон өгүүлсэн байна. Тэрбээр 2018 онд АНУ-д улсын их сургууль төгсөж, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсны дараа эх орондоо ирээд олон нийтийн томоохон компанид орж, санхүүгийн шинжээчээр ажиллажээ. Гэвч тэрбээр хятад маягийн өвөрмөц хүнд суртал, шөнө өдөргүй олон цагаар ажилладаг ажлын дарамт зэргээс болж дахин гадаадад суралцахаар шийдсэн байна. Тэрбээр компьютерийн анхан шатны мэдлэгтэй байхад л элсэн орж болдог гэдгээрээ давуу талтай АНУ-ын "Northeastern" их сургуульд магистрт сурч эхэлжээ. Жан хэлэхдээ "Тус сургуулийн гадаад оюутнуудын дийлэнх нь хятадууд" гээд уг сургууль нь цалинтай дадлага хийх боломжийг санал болгодог тул сурч байх явцдаа ажлын туршлагатай болж сургуулиа төгсөөд тэндээ ажиллах боломжтой байдаг талаар өгүүлсэн байна. Сүүлийн үед хятад оюутнууд Английн их сургуулиудад ихээр элсэх болсон байна. 2021 оны есдүгээр сарын байдлаар хятад оюутнуудад олгосон Английн визний тоо 135 мянгад хүрч өмнөх оныхоос 157%-иар өссөн ажээ. Хятад оюутнуудын тоо нэмэгдэхийн хэрээр Их Британийн зарим их дээд сургуулиуд элсэлтийн шалгуураа чангатгаж байгаа аж. Цар тахлын хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлж, хил нээснээр Хятадаас гадаадад суралцах оюутнуудын тоо цаашид улам нэмэгдэнэ гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.