Казахстан улс Германд түүхий нефть нийлүүлж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-28
Казахстан улс Оросын "Транснефть" компанийн хийн хоолойгоор Германд түүхий нефть нийлүүлж эхэлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тус компани “Дружба” хоолойгоор Казахстаны эхний ээлжийн 20 мянган тонн түүхий нефтийг Герман руу илгээсэн тухай мэдэгджээ. ОХУ-ын эзэмшиж буй “Дружба” хоолой нь Беларусийн нутгаар дайран Польш, Герман, Унгар, Словак, Чехийг холбосон хуурай газрын хоолой юм. Анх хэлэлцсэн ёсоор бол нэгдүгээр сарын сүүлчээр Казахстанаас түүхий нефтийн эхний хэсгийг Герман руу нийлүүлэх байсан ч хойшлогдоод байсан билээ. Харин саатсан шалтгааны тухайд Казахстаны тал “Техникийн асуудал гараагүй, нийлүүлэгч, худалдан авагч хоёрын хэлэлцээр үргэлжилж байна” гэж мэдэгдэж байсан ажээ. Украины дайны дараа авсан хориг арга хэмжээний нэг бол Герман улс Оросоос авдаг түүхий нефтийн импортоо зогсоож, Казахстантай хэлэлцээр хийсэн байсан юм. Үүний дагуу Казахстаны төрийн мэдлийн “Казтрансойл” компани өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын “Транснефть” компанид хандан “Дружба” хоолойгоор энэ онд 1.2 сая тонн түүхий нефть тээвэрлэх хүсэлт гаргаж тохиролцоонд хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.