Египетийн Гадаад хэргийн сайд 2011 оноос хойш анх удаа Сирид айлчиллаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-28
Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри энэ сарын 27-ны өдөр Сирид айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Фейсал Мекдадтай уулзжээ. С.Шукригийн энэ удаагийн айлчлал нь 2011 онд Сирид иргэний дайн гарснаас хойшхи анхны дээд хэмжээний айлчлал болж байгаа аж. Египетийн Гадаад хэргийн сайд үргэлжлүүлэн Туркт айлчлах бөгөөд тус улсуудтай гадаад харилцаагаа бататгахын тулд уулзалт хэлэлцээ хийхийг зорьж байгаа юм. Сирийн төрийн мэдээллийн агентлаг (SANA) мэдээлснээр, даваа гарагт Самех Шукриг Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Асад болон Фейсал Мекдад нар Дамаскийн нисэх онгоцны буудалд угтан авчээ. Түүнчлэн Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси энэ сарын 7-ны өдөр Башар Аль-Асадтай анх удаа утсаар ярьсан байна. Сири болон Турк улсад 50 мянга гаруй хүний аминд хүрсэн газар хөдлөлтөөс хойш Арабын улсууд Сирид дэмжлэг үзүүлсээр байгаа юм. 2011 онд Башар аль-Асадын засаглалын эсрэг гарсан эсэргүүцлийн жагсаалыг дарсны дараа Сири Арабын ертөнцөөс ихээхэн тусгаарлагдсан байв. Арабын холбоо мөн онд Сирийн гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлж, Арабын олон орон Дамаскаас элч нараа татсан. Гэсэн ч хэдэн жилийн өмнөөс Башар Аль-Асадтай харилцаагаа хэвийн болгож эхэлсэн бөгөөд Арабын Нэгдсэн Эмират улс газар хөдлөлтийн дараа Сирид тусламжийн бараа ачсан онгоцуудаа илгээсэн нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анхных болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.