Канад улс ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авлаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-27
Украины дайн эхлээд нэг жил болж буй энэ цаг үед Канад улс Украинд үзүүлэх цэргийн тусламжаа өргөжүүлэхийн зэрэгцээ Оросын эсрэг томоохон хэмжээний нэмэлт хориг арга хэмжээ авахаар шийдсэн тухайгаа тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо мэдээлэв. Тэрбээр Оросын 129 иргэн, 63 байгууллагад хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Хориг арга хэмжээнд орсон хүний тоонд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн эхнэр Светлана Медведева, хүү Илья, Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова, Төрийн Думын гишүүн, Ерөнхийлөгчийн туслах Максим Орешкин зэрэг өндөр албан тушаалтнууд болон зарим цэргийн удирдлагууд багтсан байна. Хууль санаачлагчдын дундаас ЗХУ-ын үеэс эхлэн нэрээ цуурайтуулж ирсэн ОХУ-ын шайбтай хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк, дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова, сансрын нисгэгч Светлана Савицкая нар хоригт багтжээ. Үүнтэй холбогдуулан Канадад суугаа ОХУ-ын элчин сайд Олег Степанов хориг арга хэмжээний жагсаалтыг шүүмжилж "Хоккейн тамирчин, эмэгтэй сансрын нисгэгч зэрэг оддыг хоригийн жагсаалтад оруулсан нь Оростой харилцах харилцаандаа цэг тавьж буйн илрэл” хэмээн мэдэгджээ. Дайн эхэлснээс хойш Канад улс Украинд нийт 5 тэрбум канад долларын цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэж Ж.Трюдо мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.