images

Беларусийн ерөнхийлөгч Хятадад айлчилна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-27


     Хятадын коммунист намын дарга Ши Жиньпиний урилгаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд Хятадад төрийн айлчлал хийхээр болсныг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин бямба гарагт зарлалаа. Уг айлчлалын үеэр хэлэлцэх гол сэдэв нь Орос, Украины зөрчилдөөн, цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд хамтран ажиллах тухай байж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байгааг “Global Times” сонин онцолжээ. Беларусь бол Хятадын “Нэг бүс нэг зам санаачилга”-д нэгдсэн, дэмжсэн анхны орнуудын нэг юм. Мөн хоёр улс 2015 оноос Стратегийн түншлэлийн харилцаатай болсноос гадна Беларусь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар хэлэлцсэн Оросын талыг Украинаас цэргээ татах шаардлага тавих саналд хоёр улсын төлөөлөгчид олон улсын байгууллагууд тус улсыг буруутгахаас илүүтэй энх тайвны хэлэлцээр санал болгох ёстой гэсэн санал хэлж байсан юм. Эцсийн дүнд Ерөнхий ассамблейн шаардлагыг Беларусь эсэргүүцэж, Хятад санал өгөхөөс түдгэлзсэн бөгөөд манай улс мөн түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн билээ. Хятадын хувьд Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний тухай 12 санал бүхий баримт бичгийг баасан гарагт танилцуулж дээрх байр сууриа хэлсэн. Энэ тухай А.Лукашенко “Xinhua” агентлагт өгсөн саяхны нэгэн ярилцлагадаа “Өнөө үед Хятадын оролцоогүй дэлхийн ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Хэрэв дэлхий нийт Хятадын байр суурийг энэ байдлаараа сонсохгүй бол ноцтой үр дагаварт хүрнэ” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.