Японд бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах төрийн байгууллага байгуулагдав
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
Японы ерөнхий сайд Фүмио Кишида Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах газар байгуулж даргаар нь Хууль зүйн сайд асан Масако Мориг томилох шийдвэр гаргасан тухай “Kyodo News” сонин болон NHK телевиз мэдээлэв. Тус улсын парламентад гурван удаа сонгогдсон М.Мори нь Төрөлт, эх нялхсын асуудал эрхэлсэн сайдын албыг хашиж байсан бөгөөд одоо ерөнхий сайдын эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан туслахаар ажиллаж байгаа ажээ. Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах газар байгуулсан нь саяхан ерөнхий сайдын нарийн бичгийн дарга ижил хүйстний гэрлэлтийг ялгаварлан гадуурхсан үг хэлсэн хэргээр хэл аманд ороод байгаатай холбоотой байх магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ сарын 3-ны өдөр ерөнхий сайдын нарийн бичгийн дарга Масаёоши Арайгаас сэтгүүлчид ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар ямар байр суурьтай байгааг асуухад тэрбээр "Би ийм гаж юманд дургүй. Хэрэв миний эргэн тойронд ийм зүйл тааралдвал би үзэн ядах болно" гэж хэлсэн ажээ. М.Арайгийн ялгаварлан гадуурхсан үгээс болж Японы парламентад бэлгийн цөөнхийн талаар зөв ойлголт бий болгох тухай хэлэлцүүлэг өрнөсөн ажээ. Үүний зэрэгцээ бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах асуудалд дуу хойлойгоо өргөдөг Японы иргэний нийгмийн байгууллага өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирж, ирэх тавдугаар сард Японы Хирошимад болох "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтад бэлгийн цөөнхийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг хүссэн баримт бичгийг гардуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.