2000 жилийн өмнө байгуулсан 177 км урт замыг илрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
Маяагийн эхэн үеийн соёл иргэншлийн хот тосгодыг аалзны тор мэт хэрсэн 177 км урт замын сүлжээ олдсон тухай CNN агентлаг мэдээлэв. “Ancient Mesoamerica” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны нийтлэлд дурдсанаар Айдахо мужийн их сургуулийн антропологийн профессор Ричард Хансен тэргүүтэй судлаачид LiDAR технологийг ашиглан хойд Гватемал дахь Мирадор-Калакмул Карст сав газарт 1683 км2 талбай бүхий майячуудын хотын балгасыг олж илрүүлжээ. LiDAR бол гэрлийн долгионыг буудан орон зайг хэмжиж газрын гадаргыг нарийн зурдаг технологи бөгөөд тус бүс нутагт 2000 жилийн өмнө аж төрж байсан хүмүүсийн ул мөрийг тогтооход ашигласан байна. Тухайн үед нийт 417 хот тосгоныг холбосон 177 км урт зам тавьсан байсныг судалгаагаар тогтоосон бөгөөд мөн ийм урттай далан олдсон нь анхаарал татаж байгаа аж. Шохой чулуун болон цементийн давхаргыг хооронд нь шавраар бэхэлж бүтээсэн уг даланг бүтээхэд пирамид барихтай төстэй технологи ашигласан гэж эрдэмтэд үзжээ. Далангийн өргөн нь зарим газраа 40 метр орчим, хөлбөмбөгийн талбайн талтай тэнцэх хэмжээтэй, шохойн зуурмагаар замын гадаргууг цардсан бөгөөд шөнийн харанхуйд тэрхүү зам дээр туссан сарны гэрлээр замаа баримжаалдаг байсан гэж үзсэн байна. Майяагийн эхэн үеийн соёл иргэншил нь эрдэмтдийн урьд өмнө таамаглаж байснаас хамаагүй илүү нарийн зохион байгуулалттай нийгэм байсан байж магадгүй үзэхэд хүрчээ. Профессор Р.Хансен “Тус гэрэлт далан зам нь дэлхийн хамгийн анхны хурдны зам” гээд хамгийн гайхалтай нь энэхүү зам нь бүх хотыг аалзны тор мэт холбосон, дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь анхны цогц төрт нийгмийг бүрдүүлж байсны нотолгоо болохыг хэлсэн байна. Тус замыг байгуулах ажилд маш олон хүн, их хэмжээний хөдөлмөр, нарийн зохион байгуулалт шаардагдсан нь тодорхой харагдана. LiDAR технологийг 2015 оноос майяагийн эртний соёл иргэншлийг судлахад ашиглаж эхэлсэн ажээ. Профессор Хансений судалгааны баг энэ технологиор дамжуулан цаашид олон суурин газруудыг тодорхойлж, майяагийн соёл иргэншлийн талаарх судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.