Израиль улс Украинд тусална
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
Израилийн Гадаад яамны сайд Эли Коэн Украинд айлчилж, Оросын агаарын цохилтоос сэрэмжлүүлэх дохиоллын систем өгөхөөр болсон тухай орон нутгийн “Haaretz” сонин мэдээлжээ. Тэрбээр Киевт айлчилсан Израилийн анхны өндөр албан тушаалтан бөгөөд ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсаны дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдсэн байна. Харин зэвсгийн тусламж үзүүлэх боломжгүйгээ хэлжээ. Украины Гадаад хэргийн сайд Кулеба Израилийн зэвсэг нийлүүлэхээс татгалзаж байгааг ойлгож байгаагаа илэрхийлээд "Гэхдээ бид Израилийн зэвсгийн тусламжийг найдан хүлээж байна. Украинд хэрэгтэй зүйл бол ялалт, ялалтгүйгээр өөр юу ч утгагүй" гэжээ. Хэрэг дээрээ дайны байдалд байгаа Сири дэх цэргийн ашиг сонирхол зэрэг асуудлаас болж Орос Украин руу довтлоход Израиль улс болгоомжтой хандсаар ирсэн юм. Украинд болсон дайныг зэмлэн буруушаахдаа Оросыг шууд нэрлээгүй, Оросын эсрэг барууны хориг арга хэмжээнд оролцоогүй. Гэвч Израилийн энэхүү “төвийг сахисан” хандлага ерөнхий сайд асан Яир Лапид тангараг өргөсний дараа өөрчлөгдсөн байна. Дайны үеэр тус улс Украины шархадсан цэргүүдийг нутагтаа хүлээн авч эмчилж байсан бөгөөд Украины дөрвөн бүс нутаг Оросын нутаг дэвсгэрт нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Мөн тэрбээр Украины энгийн иргэд рүү дайрсан Оросыг ил тод шүүмжилсэн Израилийн анхны ерөнхий сайд болсон билээ. Нөгөөтэйгүүр Коэн сайд Украины эрүүл мэнд, дэд бүтцийг сэргээхэд зориулж 200 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоо амласан байна. Мөн тэрбээр Украины бүрэн эрхт, тусгаар тогтносон байдлыг хамгаалахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.