images

Турк, Сирийн сэргээн босголтод Хятадын компаниуд туслахад бэлэн гэдгээ илэрхийлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-15


     Туркийн зүүн өмнөд, Сирийн хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажилд Хятадын эрчим хүчний дэд бүтэц, машин механизмын үйлдвэр эрхлэгч хэд хэдэн компани туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал, “Power Construction корпораци нь 1993 оноос Туркт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тус улсад “Feke-IFeke-II”, Karakuz” гурван усан цахилгаан станцыг хамтран барьжээ. Тус станцууд газар хөдлөлтийн төв цэгээс 200 километрийн зайд орших Туркийн өмнөд хэсгийн Адана хотод байдаг бөгөөд энэ удаагийн газар хөдлөлтийг тэсвэрлэж чаджээ. Цахилгаан станцын барилгын гол бүтэц бүрэн бүтэн үлдэж, одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийг эрчим хүчээр баталгаатай хангаж байна. Иймд тус компанийн зүгээс “Бид Туркийн засгийн газраас боловсруулсан гамшгийн бүсийг хөгжүүлэх иж бүрэн төлөвлөгөөг биелүүлж, дэд бүтэц, эрчим хүчний байгууламжийг сэргээн босгоход оролцож, тухайн бүс нутгийн хүмүүсийн үйлдвэрлэл, хэвийн амьдралыг дахин сэргээхэд туслахад бэлэн байна” гэсэн юм. Мөн Хятадын “Henan D.R. Construction групп Турк, Сирид туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ компани нь хурдны зам, орон сууцны салбарт ажилладаг бөгөөд усан хангамж, ус зайлуулах шугамыг дахин сэргээхэд тусалж чадах гэнэ. Мөн хүнд машин механизм үйлдвэрлэгч “SANY” групп газар хөдлөлтийн бүс дэх аврах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмийг нийлүүлсэн юм. Улмаар тухайн бүсийг дахин баригажуулахад экскаватор, кран, бетон зуурмагийн тоног төхөөрөмж зэрэг хэрэгтэй зүйлсээр туслахад бэлэн буйгаа илэрхийллээ.

     Харин Туркийн Засгийн газрын зорилго бол нэг жилийн дотор сэргээн босголтын ажлыг хийж дуусгах явдал хэмээн ерөнхийлөгч Р.Эрдоган саяхан хэвлэл мэдээллээр зарласан. Үүнийг орон нутгийн хэвлэлүүд өндөр өртөгтэйгөөс гадна хугацаа их орно хэмээн шүүмжилсэн юм. Харин Америкийн банк Туркийн сэргээн босголтын өртгийг 3-5 тэрбум доллар эсвэл үүнээс их дүнтэй байна хэмээн тооцоолсныг “Bloomberg” телевиз мэдээлэв. Мөн Хятадын олон улсын гэрээлэгчдийн холбооны захирал Жан Шян “Манай компаниудын давуу тал бол  хөрөнгө, техник технологи юм. Гэхдээ сэргээн босголтын ажилд манай улсын компаниудаас сонгох эсэх нь тодорхойгүй байна” гэв. Тус улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард Сири улстай олон жилийн дайны уршгаас сүйдсэн газар нутгийг сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг байгуулсан юм

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.