Шри Ланка улс нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглов
Анд нөхдийн мэдээ
2023-02-15
Шри Ланка улс ирэх зургаадугаар сараас эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох шийдвэр гаргажээ. Тус улсын засгийн газар мэдээлснээр зургаадугаар сараас эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн болох соруул, аяга, сэрээ, халбага зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх төдийгүй үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хориглосон байна. Мэргэжилтэн, шинжээчдийн баг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний байгаль орчин, зэрлэг амьтдын экосистемд үзүүлэх нөлөөг сайтар судалсны үндсэн дээр Засгийн газартаа зөвлөмж хүргүүлж, үүнийг үндэслэн дээрх шийдвэр гарсан байна. 2017 онд тус улс мөн нийлэг уут хэрэглэхийг хориглож байв. Байгаль орчны идэвхтнүүдийн мэдээлснээр сүүлийн үед үхсэн заан, буга зэрэг амьтанд задлан шинжилгээ хийхэд ходоодноос нь их хэмжээний хуванцар хог хаягдал гарах болсон аж. Үүний зэрэгцээ Өмнөд Азийн орнуудаас Энэтхэг улс өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглосон бол Балбын зочид буудлын салбар мөн дээрхтэй адил шийдвэр гаргаж, ирэх оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлэх болсноо мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.