Гучин жил хаалттай байсан хилийг нээж тусламж илгээв
Анд нөхдийн мэдээ
2023-02-14
Турк, Арменийг холбосон хилийг гучин жилийн дараа анх удаа нээж, газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламж оруулахаар болсныг Туркийн төрийн мэдлийн “Анадолу” агентлаг мэдээлэв. Улмаар Туркийн зүүн хэсгийн Игдир мужийн Аликан хилийн шалганаар Армениас таван ачааны машин тусламж орж иржээ. Тусламжид 100 тонн хүнс, ундны ус, эм, эмнэлгийн хэрэгсэл багтсан байна. Мөн Армений 27 аврагч газар хөдлөлтийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж эхэлжээ. Хилийн энэ хэсгийг хамгийн сүүлд 1988 онд Арменид газар хөдлөлт болоход Туркийн Улаан загалмай нийгэмлэг тусламж илгээхэд ашиглаж байжээ. Гэвч Уулын Карабахын маргаантай бүс нутгийн төлөө Арменитай дайтаж байсан Азербайжаныг Турк улс дэмжиж 1993 онд дипломат харилцаагаа таслан хилээ хаасан түүхтэй бөгөөд 2022 онд харилцаагаа сайжруулах хэлэлцээр хийсэн удаатай. Энэ удаагийн газар хөдлөлтийн дараа Арменийн ерөнхий сайд Николь Пашинян Туркийн ерөнхийлөгч Р.Эрдогантай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлэн, хүмүүнлэгийн тусламж санал болгосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.