Турк: Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт олон улсын 130 аврах баг идэвхтэй ажиллаж байна
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Турк, Сирид болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийг аврах, тэдэнд туслах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт улам эрчимжиж байна. НҮБ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Туркийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт олон улсын 130 аврах баг идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд үүнээс тусдаа 57 аврах баг ослын газрыг зорьж яваа ажээ. НҮБ-ын гамшгийн үнэлгээ, зохицуулах бүлгийн багууд мөн Сирийн Алеппо, Туркийн Газиантеп зэрэг гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүрч, аврах ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужарич мэдэгдэв. НҮБ-ын харьяа байгууллагуудаас илгээсэн төрөл бүрийн тусламжийн барааг гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ээлж дараалан хүргэж байна. Олон улсын цагаачлалын байгууллагаас илгээсэн хоёр дахь тусламжийн 14 ачааны машин мөн өдөр Баб аль-Хавагийн хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжин Сирид нэвтэрчээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс сүүлийн дөрвөн өдөр Турк, Сирид 115 мянган хүнд хүнс хүргэсэн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага яаралтай хагалгааны эмчилгээнд шаардлагатай багаж, эм тариа агуулсан гэмтэл, яаралтай мэс заслын иж бүрдэл 72 тонныг хоёр улсад захиалгат нислэгээр хүргэсэн бөгөөд, НҮБ-ын Хүн амын сангаас эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эхчүүдэд зориулсан 60,000 иж бүрдэл хүргэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.