images

Солонгосын 108 буддын шашинтан Энэтхэгт хийх мөргөлийн аяллаа эхэллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-13


     Солонгосын 108 лам, сүсэгтэн оролцсон буддын шашны мөргөлийн баг Энэтхэг улсад хийх 1167 км урт аяллаа эхэллээ. Энэ сарын 12-ны өглөө Солонгосын Буддын шашны "Сангвол" нийгэмлэгээс хойд Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Сарнат хотод ёслол үйлдэж урт аяллын нээлт хийсэн байна. Сарнат бол Шагжамүни Буддагийн анхны сургаалаа айлдсан ариун газар юм. Ёслолд "Сангвол" нийгэмлэгийг үүсгэн байгуулж, энэ удаагийн мөргөлийн аяллыг ахалж буй санваартан Жа, тус улсад суугаа Солонгосын элчин сайд Жан Жэ Бок, тус улсын Хүнсний аюулгүй байдлын сайд Дая Шанкар Мишра нар оролцлоо. Элчин сайд Жан баяр хүргэсэн үгэндээ “Солонгос, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил ариун дагшин газар руу мөргөл хийх нь хоёр орны найрамдалт харилцааг илэрхийлэх томоохон арга хэмжээ юм” гэлээ. Мөргөлчид Будда гэгээрэлд хүрсэн Бодгаяа, түүний төрсөн нутаг Балбын Лүмбини, нирваан болсон Кушинагар зэрэг ариун дагшин газраар аялах юм байна. Улмаар энэхүү ёслолын хүрээнд нийслэл Шинэ Дели хотод Буддын шашны соёлын арга хэмжээ, дэнлүүний баяр, сүм хийдийн хоолны үзэсгэлэн болох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.