images

Орос улс Үндэсний баялгийн сангаасаа еврог хална

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-13


     ОХУ-ын Сангийн яам энэ жилээс Үндэсний баялгийн сандаа еврогийн эзлэх хувийг халж, зөвхөн алт, юань, рубль болгоно гэдгээ өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэв. Тухайлбал, Оросын Сангийн яамны дэд сайд Владимир Колычев “Баялгийн сангийн 60 хувь юаниас, 40 хувь нь алтнаас бүрдэх бөгөөд үүн дээр рубль нэмэгдэж болно” гэсэн байна. Өмнө нь тус сангийн 30 хувийг юань, 20 хувийг алт эзэлж байсан ажээ. Сангийн яамны тайланд дурдсанаар Үндэсний баялгийн санд нь хоёрдугаар сарын 1-ний байдлаар 10.42 тэрбум евро, 307.44 тэрбум юань, 551.27 тонн алт, 530 сая рубль байжээ. Тэгвэл дээрх шийдвэрийг олон улсын санхүүгийн шинжээчид тус улсын гадаад валютын бүтэц өөрчлөгдөөд зогсохгүй Хятадын юанийг олон улсын хэмжээнд дээд түвшинд гаргаж, долларын ноёрхолыг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байна. Учир нь, Оросын долларыг бууруулах бодлогын нэг хэсэг нь энэ бөгөөд зорилгодоо хүрэхэд хамгийн тохиромжтой зэвсэг нь юань хэмээн олон улсын шинжээчид тайлбарлав. Мөн юань аль хэдийнээ рублийн ханшийн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлэх болсон байна.  Учир нь, юанийн арилжаа, төлбөр тооцооны хувь хэмжээг нэмэгдүүлэх нь рублийн ханшийг тогтворжуулж, Оросын эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажээ. Мөн уг шийдвэрийг Барууны орнуудын хориг арга хэмжээнээс улбаатай гэж үзэж буй бөгөөд Оросын зах зээл Хятад руу чиглэж буйг нотоллоо. Тухайлбал, Оросын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 15 хувь нь 2022 оны таваас аравдугаар сарын хооронд валют солиулахдаа 34 хувь нь доллар, 31 хувь нь юань, 28 хувь нь еврогоор солиулсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.