Оросын жирэмсэн эхчүүд Аргентиныг зорих нь ихэслээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Сүүлийн саруудад Оросын 5000 гаруй жирэмсэн эмэгтэй Аргентинд очсон талаар Аргентины Үндэсний шилжилт хөдөлгөөний агентлаг пүрэв гарагт мэдээллээ. Ялангуяа сүүлийн нислэгээр тус улсад очсон 33 жирэмсэн эх бүгд жирэмсний сүүлийн долоо хоногтойдоо очсон байна. Шалтгаан нь хүүхдээ Аргентинд төрүүлж тус улсын иргэн болгох юм. Хэрэв Аргентинд амаржвал эцэг эх нь иргэншил авах үйл явц хялбар, хурдан бүтдэг байна. Энэ тухай Шилжилт хөдөлгөөний агентлагийн дарга Флоренсиа Кариньяно “Орос эмэгтэйчүүд хүүхдүүдээ Аргентины иргэншилтэй болгохыг хүсэж байна. Учир нь, энэ нь Оросын паспортоос илүү эрх чөлөө олгоно” гэжээ. Мөн “Гол асуудал нь тэд хүүхдээ аргентинчуудын адил бүртгүүлчхээд орхиод явна. Дэлхий дахинд манай улсын паспорт маш найдвартайд тооцогддог бөгөөд паспорт эзэмшигчдийг 171 улсад визгүй нэвтрэхийг зөвшөөрдөг” гэсэн байна. Харин оросууд 87 улсад визгүй зорчих эрхтэй. Тэгвэл BBC агентлагийн сурвалжлагчид Оросын нэгэн вэбсайтаас Аргентинд төрөх аяллын багцууд янз бүрээрээ байдгийг олж мэджээ. Багцад төрөх төлөвлөгөө гаргах, онгоцны буудлаас тосох, тус улсын нийслэл дэх шилдэг эмнэлгүүдэд хөнгөлөлттэй төлбөрөөр үйлчлүүлэх эрх, испани хэлний хичээл зэргийг санал болгодог. Харин үйлчилгээний төлбөр нь 5000-15000 доллар хүртэл янз бүр ажээ. Мөн тус вэбсайтын үүсгэн байгуулагчийн хэлснээр, шилжилт хөдөлгөөнийг дэмжихээр 2015 оноос эхлэн төрөх аялал зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.