Хилс хэргээр хоригдсон энэтхэг сэтгүүлч суллагдлаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-08
Сурвалжлага хийж яваад баривчлагдаж, шүүх хуралгүйгээр шоронд хоригдсон Энэтхэгийн сэтгүүлч 28 сарын дараа суллагдлаа хэмээн “Times of India” сонин мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар сэтгүүлч Сидики Капан Уттар Прадеш мужийн Лакнау дахь хорих ангиас батлан даалтад гарсан байна. Суллагдсаныхаа дараа тэрбээр "Би гэм зэмгүй сэтгүүлч хүн. Цаашид ч сэтгүүлчийнхээ ажлыг хийж хууль ёс гажуудуулсан тогтолцооны эсрэг тэмцэнэ” гэжээ. Тэрбээр 2020 оны 10 дугаар сард Уттар Прадеш мужид нэгэн эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийг сурвалжилж явахдаа цагдаад баривчлагджээ. Хохирогч эмэгтэйг эрх мэдэл бүхий хүмүүс бүлэглэн хүч хэрэглэсний улмаас амиа алдсан гэж сэжиглэж байсан ажээ. Сэтгүүлч Капаныг исламын хэт даврагч байгууллагын гишүүн байхдаа үймээн дэгдээхийг оролдсон гэсэн хэргээр буруутгажээ. Гэвч ямар нэгэн шүүх хурал болоогүй бөгөөд өөрийг нь хууль бусаар эрүүдэн шүүсэн гэж мэдэгдсэн байна. Шоронд хоригдсоных нь дараа хүний эрхийн төлөө тэмцэгчид түүнийг суллахыг шаардсан жагсаал зохион байгуулсан билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Улсын дээд шүүхээс түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч мөнгө угаасан гэх хэргээр дахин буруутгаж суллахаас татгалзан дахин хэдэн сар саатуулсны эцэст сая суллаж буй нь энэ юм. Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр Энэтхэг улс өнгөрсөн жил судалгаанд хамрагдсан 180 орноос 150-д орж, өмнөх оныхоос 10 байраар ухарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.