Лангуу, кассын барааны үнэ зөрсөн тохиолдолд тухайн дэлгүүр хариуцлага хүлээнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-09
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд “Номин”, “И март”, “CU”, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн холбогдох албан тушаалтнуудтай уулзжээ. Уулзалтаар ШӨХТГ-аас сүлжээ дэлгүүрүүд лангуун дээрх барааны үнэ кассын машинаас зөрдөг асуудлыг арилгаж үүнд хяналт тавих тухай, мөн хийж хэрэгжүүлж буй ажлынхаа явц үр дүнгээс танилцуулсан байна. Түүнчлэн сүлжээ дэлгүүрүүд уг шаардлагыг хүлээн авч, цаашид ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар хамтарч ажиллах амлалт өгчээ. Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм. Цаашид ШӨХТГ-аас 6 болон 8 нэрийн барааны дэлгүүр, хүнсний зах худалдааны төвүүдэд лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг байршуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангах үйл ажиллагааг аймаг, дүүргүүдийн ЗДТГ-уудын Худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж хяналт тавьж ажиллах гэнэ. Сонирхуулахад, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн онд лангуун дээрх барааны үнэ кассын үнэтэй зөрдөг зөрчлийг шалгаж, дөрвөн аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.