images

Монгол эмэгтэй Пакистанд Дэлхийн банкийг төлөөлж ажиллана

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2025-07-01


   Дэлхийн банкны Пакистан улс дахь Суурин төлөөлөгчөөр монгол эмэгтэй ажиллахаар болсныг өчигдөр тус банк мэдэгдлээ. Олон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрт 20 гаруй жил ажилласан туршлагатай Амгаабазарын Болормаа 2020 оноос хойш энэ албыг хашсан Нажи Бенхассиний оронд томилогдон өнөөдөр ажилдаа оржээ. А.Болормаа шинэ ажлынхаа талаар “Дэлхийн банк болон Пакистаны урт хугацааны түншлэл сая сая хүний амьдралд үр өгөөжөө өгсөн. Энэ харилцаагаа улам гүнзгийрүүлж хамтран ажиллана" хэмээн ярьсан байна. Түүнийг ажиллах хугацаанд Пакистан улс Дэлхийн банкны 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг арилгах, боловсрол олгох, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих шинэчлэлүүдийг хийх юм. А.Болормаа нь 2004 онд Дэлхийн банкинд орж, Зүүн Ази, Номхон далай, Африк, Зүүн Европ болон Төв Азийн бүс нутгуудыг хариуцан ажиллаж байжээ. Тэрбээр өмнө нь Киргиз, Индонез зэрэг орны банкинд удирдах алба хашиж байсан юм. Харин Дэлхийн банкинд орохоос өмнө Монгол болон Зүүн Өмнөд Азид хэрэгжиж буй олон улсын хөгжлийн төслүүдэд ажиллаж байв.

Гэрэл зургийн эх сурвалж: www.worldbank.org

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.